Бяцхан үрсээ ирээдүйд мэдлэг боловсролтой сайн хүн болоосой, аз жаргалтай сайхан амьдраасай гэж хүсдэггүй аав ээж гэж үгүй. Тиймээс энэ хүслээ биелүүлэхийн тулд зөв гэж бодсон бүхнээ л хийдэг. Магадгүй заримдаа өөрийн хүссэн зүйлээ тэдэндээ тулгаснаар боловсролыг стресс дарамт гэж мэдрүүлдэг ч байж мэдэх юм. Тиймээс хүүхдийн насны онцлогт тохирсон боловсролд хэрхэн хөтлөх, бага насны хүүхдийн аливааг таньж мэдэх онцлог нь ямар байдаг, тэднийг хэрхэн сурахад дурлуулах талаар Калифорни мужийн Их сургуулийн Боловсролын Магистр, TESOL зэрэгтэй, Q Education Group-ийн Ерөнхий захирал Ц. Алтансортой ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний ярилцлага бага насны хүүхдийн боловсролын тухай учир эхлээд боловсрол гэж чухам юу вэ? гэдгээ тодорхойлоод ярицлагаа эхэлцгээе.
-Баярлалаа танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсрол гэдэг дан ганц тоо бодох, хүрд цээжлэхээр хязгаарлагддаг зүйл мэдээж биш л дээ. Бид энэ хорвоо дээр яах гэж ирдэг вэ? гэхээр утга учиртай сайхан амьдрахын тулд. Тэгэхээр тэр сайхан амьдралыг мэдэрч, амьдарч чадахад бидэнд эрүүл мэндийн боловсрол, хүндэлж хайрлахын боловсрол, мэдлэг чадварын боловсрол, сэтгэл зүйн боловсрол гэх зэргээр маш олон боловсрол өсөж хөгжих шаардлага тулгарч байдаг. Эдгээр нь нэг нэгээрээ дангаараа байгаад тухайн хүүхдийг өөрсдийн хүссэн хэмжээнд тань хүртэл бие хүн болгож чадахгүй юм.
Хичнээн мундаг сурсан мэдлэг боловсролтой байгаад түүнийгээ амьдрал дээр ашиглаж чадаагүй хүмүүс маш олон байдаг шүү дээ. Тэгэхээр боловсролыг би тухайн хүнийг ажил мэргэжлийн хувьд амжилттай байлгах, аз жаргалтай байлгах, нийгмийн үнэ цэнэтэй бие хүн байлгах гэх зэргээр маш том цогц ойлголт гэж хэлмээр байна. Харин нөгөө талдаа боловсролын байгууллага, багш эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ ойлгон таньж, тэдний онцлогт тохируулж “боловсрол” олгох боловсролд бид өөрсдөө суралцах хэрэгтэй юм байна гэдэг нь нийгмийн бүхий л түвшинд мөн анзаарагдаж байна шүү дээ.
-Хүүхдийн онцлог гэж та сая хэллээ шүү дээ? Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?
-Хүн бүрт байгалиас заяасан сэтгэхүйн онцлог, чадамж, суралцах арга барил, хурд гэж бий. Түүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй, ойшоохгүй, боловсролынхоо салбарт тусгахгүй явсаар байгаа тал бий. Яагаад нэг ангид байгаа хүүхдүүдийн зарим нь үр дүнтэй сураад, зарим нь хоцрогдоод, зарим нь дур сонирхолтой, зарим нь хүчээр сурч байгаа юм шиг дургүй хандаад байгаагийн цаана энэ бүхний хариулт байдаг.
Жишээ нь би өөрөө visual-spatial буюу харж, унших, ажиглах замаар өөртөө мэдээлэл, мэдлэгийг хүлээн аваад verbal-linguistic буюу бусдад ярих, бичих замаар түүнийгээ өөрийн болгож эзэмшдэг сурах арга барилтай хүн. Тэгэхээр надад зүгээр ямар нэгэн дүрс өгөгдлийг харуулахгүйгээр шинэ мэдлэгийг сонсон хүлээж авахад амаргүй байдаг тул би заавал бичиж тэмдэглэн авах нь надад тустай байдаг. Ингээд ярихаар хүн бүр өөрийн арга барилын талаар бодож эхлэх байх. Насанд хүрсэн хүний хувьд мэдээж, өөрийгөө таньж мэдэх цаг хугацаа байсан болоод ухамсартайгаар анализ хийх чадвартай тул тодорхой хэмжээнд өөрийгөө сурч хөгжихөд анхаарч чаддаг.
Харин хүүхдүүд бол өөр. Тэд өөрийгөө ч мэдэж амжаагүй, цав цагаахан цаас байгаа. Байгалиараа, өгөгдлөөрөө, далд ухамсараараа суралцаж байгаа. Гэтэл томчууд бид хүүхдээ наадахаа хурдан хийгээч, хурдан бодооч гэх мэтчилэнгээр өөрөө ч анзааралгүй мохоож байдаг. Мөн тэдний хүүхэд тийм дугуйланд явдаг, энийг сурах хэрэгтэй гэх мэт өөрийнхөө хүслээр тэднийг бий болгох гэж, бусдын адилаар хүмүүжүүлэх гэж оролддог нь учир дутагдалтай. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдийнхээ цор ганц онцлог болон түүний ертөнцийг хүндэлж ойлгох, хүүхдээ мэдэрч сонсоосой гэж хүсдэг.
-Хүүхдийнхээ онцлогийг олж харснаар үүсэх давуу талыг та жишээ болгон дурдахгуй юу?
-Мэдээж бид онцлогоо мэдсэнээр заавал олны хошууран сургах IQ-ийн сургалт, эсвэл өөрийнхөө хүсээд сурч чадаагүй балет бүжгийг сургах гэж хүүхдүүдээ хүчилж, ядрааж, ямар нэгэн зүйлийг сурах нь стресс мэтээр ойлгуулах эрсдэлээс зайлсхийнэ.
Тэдэнд юу хэрэгтэй байгаа, юугаар дамжуулан сурвал илүү үр дүнтэй вэ? гэдгийг мэдсэнээр аз жаргалтайгаар сурах, өөрийгөө багаасаа таньж мэдсэн хувь хүн болон өсөх юм. Үргэлж өмнөөс нь шийдвэр гаргаж, их сургууль, мэргэжил, хань ижлийг нь хүртэл сонгох хэмжээнд эцэг эх бид оролцож, зүгээр л нэг л хэмжээтэй хайрцганд цутгасан иргэдийг бэлтгэх гээд байгаа юм биш биз гээд бодоод нэг үзэх хэрэгтэй.
-Таныг Жэт Англи хэлний сургуулийн Гүйцэтгэх Захирлаар өнгөрсөн хугацаанд ажиллаж, Англи хэлний боловсролын салбарт өөрийн мэдлэг боловсролоо зориулж байсныг хүмүүс мэдэх байх. Харин энэ удаад Q Education Group- ийг шинээр байгуулсан тухай сонслоо. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцахгүй юу?
-Би их мөрөөдөмтгий хүн л дээ. Мөрөөдлөө цаасан дээр буулгаад зорилго болгоод хэрэгжүүлэхийг илүүтэй хүсдэг. Мөн Англи хэлийг зүгээр нэг хэрэглээ гэхээс илүүтэйгээр боловсрол гэдэг утгаар хүлээн авч, түүнийгээ хийж буй ажилдаа тусгахыг хичээн ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ.
Боловсролын салбарт ажиллах тусам, зөвхөн нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах бус, хийж буй ажлаа өргөн цар хүрээтэйгээр салбарлуулж, сургалтын үр дүнг хэрхэн үр өгөөжтэй болгох вэ? гээд судалгаа шинжилгээ хийх нь ч ихэсдэг юм байна. Эцэст нь сургуулийн өмнөх боловсролын үнэ цэнэ хожим ямар чухал болохыг, энэ цаг хугацаанд яагаад хөрөнгө оруулалт хийх ёстойг, хүүхдийн цогц хөгжил талаас нь судлан харж, боловсролын салбарт өөрийн хийж буй ажлаараа үнэ цэнэ болоод шинэчлэлийг авч ирэх зорилготойгоор Q Education Group үүсгэн байгуулаад ажиллаж байна даа.
-Q гэдэг ямар утгыг илэрхийлж байгаа вэ? мэдээж зорилго үйл ажиллагааны онцлог, үнэт зүйлээ агуулж энэ нэршлийг оруулсан байх гэж бодож байна?
-IQ, EQ, CQ, гээд оюун ухааны, сэтгэлийн хөдөлгөөний, бүтээлч сэтгэлгээ гээд 21-р зууны “чадамжийг” илэрхийлэх үгний утгыг билэгдсэн. Мөн түүнчлэн аливаа зүйлийн үр дүнг илэрхийлдэг. Чадвар, чадамж, нөөц бололцоо гээд маш олон эерэг утгыг агуулдаг тул Q гэсэн нэрийг сонгон өгсөн байгаа.
Боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч бид дан ганц мэдлэг, мэдээлэл өгөх нь хангалтгүй юм. Харин тэр мэдлэг, мэдээллээ ашиглах чадвар, чадамжийг бий болгох нь юу юунаас чухал. Нэгэн хэвэнд цутгасан юм шиг, бүгдийг ижил байлгах гэж, бүгдийг ижилхэн сэтгэхийг шаардсан сэтгэхүйнээс ангижрах цаг нь болсон. Хүн бүрт байгалиас заяасан сэтгэхүйн онцлог, чадамж, суралцах арга барил, хурд гэж бий. Түүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй, ойшоохгүй, боловсролынхоо салбарт тусгахгүй явсаар байна. Энэ ойлголтыг л нийгэмд, эцэг эхчүүдэд хийж буй ажлаараа харуулахыг зорьж байна.
-Боловсролын чиглэлээр ажилладаг хүний хувьд өөрийн хүүхдийн боловсролд хэрхэн ханддагийг асуумаар байна. Мэдээж өөрийн үнэт зүйлсээсээ хазайхгүй нь тодорхой ч асуухгүй өнгөрч чадахгүйнээ.
-Би хүүхдүүдээ зүгээр л “хүн” болгож өсгөхийг хүсдэг. Учир нь ийм хүн юунаас аз жаргалын мэдрэх ёстойг, амьдралд юу үнэ цэнэтэй, юу утга учиртайг ойлгож ухаалаг амьдардаг гэж боддог. Хүүхдээрээ хамгийн их бахархаж байсан үе гэвэл амжилттай дүн аваад ирэхэд биш, алт мөнгөн медаль зүүгээд ирэхэд нь биш юм билээ.
Харин нэг өдөр охин минь ханиалгандаа хэрэглэж байсан түрхдэг тосоо цүнхлээд гарч байхад нь би гайхаад асуусан юм. Тэгсэн манай ангийн нэг хүү ханиалгаад байна ээжээ, тэр хүүхдийнхээ хоолойнд жаахан түрхчихээд ирье гэж хэлж намайг гайхшруулсан. Одоо ингээд ярихаар энгийн зүйл мэт боловч ээж хүний хувьд хүүхдээ ийм сэтгэл, ийм санаачлагыг өөрөө гаргах хэмжээнд хүртлээ ухаан суусан байгааг гэнэт маш ихээр анзаарч бахархдаг юм билээ. Тухайн үед өөрөөрөө ч бахархаад авсныг нуулгүйгээр энд бас хэлчихье \инээв\. Тэгэхээр бид өдөр тутмын амьдрал, үйлдлээс хүүхэд даган дуурайж сурч хүмүүждэг гэдгийг болж өгвөл нэг ч хором марталгүй үлгэрлэхийн тулд өөртэйгөө ч гэсэн ажилласаар байх ёстой гэдгийг ийм мэдрэмжүүд маань сануулж байдаг.
Мөн миний хувьд хүүхдүүдийнхээ юу сонирхож, юу хийхийг хүсэж байгааг нь анзаарч дэмжихийг хүсдэг. Ер нь л өөрийгөө бүрэн мэдэх хүртэл нь дуртай сургалтанд нь явуулж, шинэ зүйлийг туршиж үзэхийг зөвшөөрдөг.
-Англи хэлний боловсролыг бага насанд нь олгох нь зөв буруу гээд хүмүүсийн бодол зөрчилддөг шүү дээ. Энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?
-Хоёр охин маань Америкт цэцэрлэг, сургуульд хамрагдаж байсан. Монголдоо ирээд Англи хэлтэй сургуульд орсон. Хоорондоо Англиар ярих, өдрийн тэмдэглэлээ Англи хэл дээр хөтлөх гэх мэтээр хэлнийхээ хэрэглээг нэмэгдүүлдэг. Харин би хүүхдүүдээсээ Монгол хүн биш болж байна гэсэн дүр төрхийг биш дэлхийн Монгол хүн болж байна гэсэн ирээдүйг олж хардаг.Мэдээж энэ сэдвийг хөндөхөд эсэргүүцэл багагүй тулгардаг.
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, хүн шинэ хэл, соёлыг сурснаар эх орон, элгэн нутгаа мартаж, харийн хүн болно гэж хэзээ ч байдаггүй. Тэр бол тархинд биш зүрх сэтгэлд байдаг зүйл тул шинэ мэдлэг, мэдээлэл, дэлхийн жишигт хүрсэн боловсролыг хүүхдэдээ эзэмшүүлэхдээ санаа зовох зүйл байхгүй л гэж би хэлнэ дээ. Мөн бага насандаа хоёрдогч хэл сурах нь тархины хөгжил, аливааг олон талаас нь олж харах гэх зэргээр маш олон давуу талыг олгож байдаг.
-Танайд Англи хэл, EQ хосолсон сургалтыг санал болгож байгаа. Яагаад заавал энэ 2-ыг хослуулах гэж? EQ гэдэг нь чухам юу вэ? гэдгийг товчхон хэлж өгөхгүй юу?
- Бид дэлхийн Монгол иргэнийг бэлддэг байх ёстой. Гэтэл ЕБС-ийн хүрэлцээ бага, хүүхэд бүртэй ажиллах боломж багаас шалтгаалан Англи хэлний сургалтын чанар сул, мөн харилцаа хандлага, хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх арга замууд хэрэгжихгүй байсаар байна. Англи хэлний боловсрол гэдэг бол дэлхийн боловсролоос хүртэх тэр зам гэж хэлж болно. Үүний зэрэгцээ өндөр хөгжилтэй орнууд болон 21-р зуун цаашлаад ирээдүйн 30 жилийн боловсролд зүй ёсоор орж буй чадвар бол EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар юм.
Тиймээс сэтгэл зүй, сэтгэл хөдлөл гэдэг зүйл нь нийгэм, гэр бүл, ажлын, аливааг сурч мэдэхийн, найз нөхдийн гээд бүхий л харилцаанд оролцож, нөлөөлж байдаг хүний онцгой нэг хэсэг юм. Оюун ухаант хүнийг бий болгохын эхний алхам нь өөрийгөө таньж мэдэх гэдэгтэй санал нэгддэг. Өөрийгөө олоогүй хирнээ 100-ийн дотор чээжээр хэдэн секундын дотор нэмж хасаад яах билээ, өөрийгөө мэдээгүй, өөрийгөө хэн болохыг сонгоогүй, түүнийхээ төлөө юу хийхээ мэдээгүй хүн сурсан мэдсэн зүйлээ хэрхэн ашиглах билээ гэдгээс л эхэлнэ. Тиймээс миний хувьд EQ-г бага залуу наснаасаа хөгжүүлж болох хамгийн чухал чадвар гэж үздэг.
EQ-ийн үндсэн чадварын нэг Self-Awareness буюу өөрийгөө таньж мэдэх гээд байдаг. Үүнийг АНУ-ын цэцэрлэг, сургуулиудад SELF-SCIENCE буюу өөрийгөө таньж мэдэх шинжлэх ухааныг хичээл гэдгээр зааж байгаа. Ер нь хүн өөрийгөө таньж мэдэхээс л эхлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийгөө таньж мэдсэн хүүхэд юу хүсэж, юу мөрөөдөж байгаагаа ойлгодог. Ойлгож мэдэрсэн хүүхэд түүнийхээ төлөө тууштай байж, түүндээ өөрийгөө бэлдэж идэвхжүүлэх жишээний. Наад зах нь хичээл хийх ёстой бол тэр цагтаа төвлөрч сууж чаддаг. Өөрийгөө ойлгосон бусдыг ойлгож, хүндэлдэг. Тэгэхээр энэ бол ердөөсөө эрүүл сэтгэхүйтэй, мэдлэг чадвартай зөв амьдрах урлаг юм.
-Та цаашдын зорилгоо хэрхэн харж байгаа вэ?
-Ярьж байгаа зүйлээ бодитоор хэрэгжүүлэх, бага боловч нийгэмд эцэг эхчүүдийн дунд сэтгэлгээний өөрчлөлтийг авчирч чадах юм бол миний эхлүүлсэн ажлын эцсийн зорилго биелнэ. СӨБ, бага боловсрол, дунд, ахлах гээд урт хугацааны хүүхэдтэй ажиллаж, үр дүнг нь илүү сайн харахыг хүсч байна. Олон улсын жишигт хүрсэн боловсрол, сургалтыг шинээр нэвтрүүлж, эх орондоо дэлхийн боловсролоос хүртэх боломжийг эрэлхийлэн ажиллах гээд л өдөр бүрийг л урагшлах алхам гэж үзэж байна.
Энэ хичээлийн жилд бид Америкийн RENAISSANCE байгууллагын Accelerated Reading /AR/ буюу Англи хэл дээрх нас насны түвшинд зориулсан номыг техник технологийн дэвшилтэй хослуулан уншиж Англи хэлний мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх төдийгүй дэлхий ертөнцийг танин мэдэх боломжийг олгох хөтөлбөрийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.
10-н жилийн хугацаанд дэлхийн 35 гаруй улсад амжилттай хэрэгжиж, АНУ-ын 30,062 сургуулийн 1-12-р ангийн 9,4 сая сурагч 323 сая ном зохиолыг RENAISSANCE хөтөлбөрт хамрагдан дэлхийн хэл болсон Англи хэл дээр уншин мэдлэг чадвараа хөгжүүлсээр байна шүү дээ. Гэтэл яагаад бидний хойч ирээдүй болсон үр хүүхэд эндээс хоцрох ёстой гэж. Монголыг хүн амын нягтаршил багатай гэж үзээд ихэнх томоохон компаниуд бүтээгдэхүүнээ борлуулах таргет болгож сонгодоггүй. Гэхдээ бид тэглээ гээд боловсролыг олж авах сувгийг өөрсдөө эрэлхийлэхгйү байж болохгүй шүү дээ.
Тиймээс ямартайч Монголынхоо хүүхэд залуусыг дэлхий ертөнцтэй илүү ойртох, өөрийнхөө ертөнцийг олж нээхэд нь туслахад багагүй хувь нэмэр оруулах энэхүү RENAISSANCE байгууллагын AR уншлагын хөтөлбөртэй хамтрах болсондоо баяртай байна.
-Сайхан сонсогдож байна. Номтой нөхөрлөх хүүхэд маш олон болоосой гэж хүсэж байна. Таны зорьж хэрэгжүүлж байгаа ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье.
Боловсрол, сэтгэл зүй, улс төрийн салбарын үнэ цэн бүхий ОНЦЛОХ бичлэг, нийтлэлүүдийг маань бүртгүүлээд үнэгүй уншаарай.